Налайх дүүргийн Засаг Даргын дэргэдэх дотоод аудитын алба
Нүүр хуудас Мэдээ Бүртгүүлэх Нэвтрэх
Тавтай морил Guest | RSS
Thursday
2024-04-25, 11:18 PM
Цэснүүд

Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0

Section categories

Home » Articles » Мэдээ, мэдээлэл

ДОТООД АУДИТАД ХАМРАГДСАН БАЙГУУЛЛАГУУДАД ӨГСӨН ЗӨВЛӨМЖ 2016 ОН

ДОТООД АУДИТАД ХАМРАГДСАН БАЙГУУЛЛАГУУДАД

ӨГСӨН ЗӨВЛӨМЖ

2016 ОН.

 

            2016 онд Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан удирдамжаар нийт ... байгууллагын 2015-2016 оны эхний хагас жилийн санхүү, дотоод ажлыг хамруулж дүгнэлт, зөвлөмж хүргүүлснийг байгууллага тус бүрээр харууллаа.

 

НЭГ. 123 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

 

  1. Ажилтан албан хаагчдад олгох үр дүнгийн урамшлыг олгохдоо Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох” журмын дагуу олгох, хуурамч баримт материал бүрдүүлэхгүй байх, урамшлыг тогтоолд заасан хувь, хэмжээнээс хэтрүүлэн олгохгүй байх.
  2. Мөн ур чадварын нэмэгдлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 362/112/183 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт” баталсан тушаал, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 63/104 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журам”-ыг үндэслэн олгож хэвших, цаашид ажил дүгнэсэн үзүүлэлтгүйгээр нэмэгдэл, урамшил олгохгүй байх.
  3. Архив, бичиг хэргийн ажилтны бүтэц орон тоог батлуулж, үндсэн ажилтан ажиллуулах, цалин хөлс, нэмэгдэл урамшил олгох тухай эрх бүхий этгээдийн тушаал шийдвэр гарсан тухайн үед нь /тушаал, шийдвэр үндэслэн/ нэмэгдэл, урамшил, цалин, хөлс олгодог болох.
  4. Ажилтан, албан хаагчдын ажилласан жилийг Нийгмийн даатгалын байгууллагаар тулган баталгаажуулж авах, судалгаа, баримтыг үнэн зөв гаргах, амралтын нөхөн олговрыг үнэн зөв тооцох.
  5. Оны эхэнд бүтэц орон тоо батлах, ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг тогтоох тушаал гаргахдаа нэмэгдлүүдийг давхар тогтоон баталгаажуулах, нэмэгдлийн хэмжээг хууль, тогтоомжид заасан хувь, хэмжээнээс хэтрүүлэн олгохгүй байх
  6. Эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр баталгаажсан ажилтан албан хаагчдын үндсэн цалин, шатлалыг буруулах, нэмэх зэргээр цалин хөлс олгодог асуудлыг давтан гаргахгүй байх
  7. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанд нэмэгдэл хөлс олгохдоо зөвхөн тухайн ажилласан өдрүүдийн цалин, хөлсөнд нэмэгдэл тооцож олгох.
  8. Нийгмийн даатгалын тайланд ажилтан, албан хаагчдын цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг үнэн зөв тайлагнах
  9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан тохиолдолд цалингийн суутгал шимтгэлийн хувь хэмжээг зөв тооцох, ээлжийн амралтын хоногийг хуульд зааснаар олгож хэвших, багш, ажилтнуудын ХЧТА-ны тэтгэмжийг холбогдох байгууллагаас баталгаажуулсан хувиар олгох, цалин хөлсийг дансанд нь шилжүүлэхдээ өөр хооронд нь гүйлгэж илүү, дутуу шилжүүлэх асуудлыг зогсоох.
  10. Томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр эрхлэгч өөртөө нэмэгдэл, урамшил тооцон авдаг байдлыг зогсоох, тушаал, шийдвэр боловсруулахдаа хуулийн үндэслэлийг зөв ашиглах, Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллах, архив, бичиг хэргийн ажилтныг сургалтанд хамруулах, хүний нөөцийн томилгоог хийхдээ шаардлагагүй ажил албан тушаалд томилгоо хийхгүй байх, ах дүү, хамаатан садангаа ажилд авч цалин, хөлс олгодог асуудлыг зогсоох, шаардлагатай тохиолдолд ажилтан авч ажиллуулах бол дүүргийн нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн иргэдээс авч ажиллуулж байх, байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллах, дотоод хяналтын комиссын хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой болгох, ажил, үүргээр хангах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг судлах, хэрэгжүүлж ажиллах.
  11. 2013-2015 оны цалин, хөлс олголтоос гарсан 45040.7 мянган төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх, ажилтан албан хаагчдад илүү олгосон 9038.8 мянган төгрөгийн цалин, хөлс, нэмэгдлийг улсын байцаагчийн албан шаардлагын дагуу орон нутгийн хүү татварын бус орлогын дансанд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны дотор төвлөрүүлэх, дотоод аудиторын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган мөн сарын 25-ны дотор хэрэгжилтийг ирүүлэхийг байгууллагын удирдлага болон нягтлан бодогчид хариуцуулав.

 

ХОЁР. ӨМЧ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБА

 

1. ӨГХАлбаны газар зохион байгуулагч нар 2003-2015 оны газар олголтын журналыг хөтлөж, мэдээллийн сан үүсгэх, тухай бүр баяжилт хийж байх. / программаас гадна/

            2. 2003 оноос хойш газар эзэмших эрх авсан, гэрээ байгуулаагүй бүх иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулан газрын төлбөрийг улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх.

            3. Сүүлийн үеийн дэвшилтэт арга барил болон мэдээллийн сувгуудыг /үүрэн телефон, цахим хаяг, мессеж үйлчилгээ/ ашиглан газрын төлбөрийн орлогын хувийг өсгөх талаар санаачлага гарган, тодорхой ажил зохион байгуулах.

            4.  Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт, газрын төлөв байдал, чанарын улсын баталгааг журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт зэргийг нөхөн бүрдүүлэх, кадастрын зураг дээрх хэмжээгээр төлбөрийн орлогыг бүрэн авч төсөвт төвлөрүүлэх.

            5. Үнэт цаасны тооцоог улирал бүр хийж, холбогдох байгууллагаар баталгаажуулах.

            6. Нийслэлийн Аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 13-ны НАГ-АХ/2014-2015/ГА-11-14-01/ГА албан шаардлагын биелэлтийг бүрэн хангаж 10026138.6 мянган төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор орлогот бүрэн төвлөрүүлэх.

            7. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхгүй байх, эзэмшүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэснийг баримтлах.

            8. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 1.7-д Бичиг хэргийн ажилтан нь “Байгууллагын үйл ажиллагаанд үүсч хөтлөгдсөн баримт бичиг, мэдээллийг ангилах, төрөлжүүлэх, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах" гэснийг хэрэгжүүлж, он цагаар ялгах, техник ажиллагааг хийж байгууллагын архивт хүлээлгэн өгөх.

            9. Цаашид дуудлага худалдаанд оролцогчдоос тушаасан мөнгөний баримт, тооцоо нийлсэн акт, тайланг үнэн зөв, бүрэн бүрдэлтэйгээр архивт хүлээлгэн өгч, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлийн хэрэгжилтийг хангаж ажиллах.

            10. Иргэн, хуулийн этгээдтэй байгуулах газар эзэмшүүлэх гэрээний бүрдэл, сунгалт, дүгнэлт нэн хангалтгүй байгаа тул дутуу гэрээг гүйцээх, жил бүр иргэн, хуулийн этгээдтэй тооцоо нийлж гэрээг дүгнэх, сунгалтыг тухай бүр хийж хэвших.

           11. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, 2016 оноос гэр бүлийн хэрэгцээний газар олгохдоо өмчлөх эрхийг баталгаажуулах.

Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 6.3.2-т “Хяналт шалгалтын танилцуулга, бусад баримт бичгийг (шалгалтын тэмдэглэл, нэг бүрчилсэн акт, албан шаардлага) зохих журмын дагуу үйлдэж, гарын үсэг зурах, 6.3.3-т “Хяналт шалгалтын тэмдэглэл, акт, албан шаардлагыг шалгуулсан этгээдэд танилцуулж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулах” гэж заасныг үндэслэн 2015 онд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар 114348 м2 газрыг 17 иргэн, хуулийн этгээдэд эзэмших эрх олгож, дуудлага худалдааны анхны үнээр тооцоход 855782,4 мян.төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний дотор, Тусгай хамгаалалттай болон ашигт малтмалын зориулалтаар газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтаас харахад тус газарт аялал жуулчлал эрхлэгч 73 иргэн, хуулийн этгээдийн 73790.6 мянган.төг-ийн төлбөрийг дутуу тооцож ногдуулсныг 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор тус тус газрын төлбөрийн орлогот төвлөрүүлэхийг Улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар шаардаж байна.

13. Дотоод аудитын албан шаардлага, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган 2016 оны 09 дүгээр сарын 01 болон 12 дугаар сарын 15-ны дотор тус тус төлөвлөгөө, тайланг ирүүлэхийг албаны дарга М.Мэндсайхан болон холбогдох ажилтан, албан хаагч нарт даалгаж байна.

 

ГУРАВ. СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО

 

1. Аудитад хамрагдсан СӨХ-үүд бүх нийтийн хурлыг зарлан хуралдуулж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр сонгох,  хууль, стандарт журмыг мөрдлөг болгон  СӨХ-ны төлбөрийг зөвхөн тухайн сууц өмчлөгчдийн шийдвэрээр тогтоох (Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл нь СӨХ-ны төлбөрийг тогтоох эрх бүхий дээд байгууллага /ТББ/ биш болно)

2. СӨХ-ны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлууд  бүх гишүүдийн хурал, сууц өмчлөгч нарт 2015 оны төсвийн тайлангаа тавих

3. Захирагчийн ажлын албанаас СӨХ-ны үйл ажиллагаанд иргэд өөрсдөө хэрхэн хяналт тавих талаар таниулах ажлуудыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, СӨХ-ны гүйцэтгэх захиралд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий Хяналтын зөвлөлийн чиг үүргийн хэрэгжилтэд тодорхой хугацаанд хяналт тавьж ажиллах

4. “Дэвшил 6” СӨХ нь Иргэний хуулийн 149.2-т “Энэ хуулийн 149.1-т заасан шаардлагыг сууц өмчлөгч сайн дураар биелүүлэхгүй бол орон сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх, захирал Ж.Баярням нь өөрийн хариуцсан орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулахад хэт анхаарал хандуулан СӨХ-ны захирлын үүрэгт ажлаа нөгөө талаар орхигдуулсан байх тул цаашид үйл ажиллагаагаа эрчимтэй явуулахад анхаарах

5. Зарим холбоодын санхүүгийн баримтаас илэрсэн хуурамч баримт бүрдүүлж зарлагадсан хөрөнгийг буцаан төлүүлэх асуудлыг СӨХ-дын Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөөр авч хэлэлцэх, буруутай албан тушаалтанд арга хэмжээ авч ажиллах

6. “Нислэг”,  “Итгэл Налайх” СӨХ-ны  ажилтнуудын сарын цалин хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс бага, урамшуулал олгохгүй байгааг Удирдах зөвлөлүүдээр шийдвэрлүүлэх

7. “Ирээдүй 4”, “Итгэл Налайх” СӨХ-ны захирал, нягтлан бодогч нар НДШ төлөлтийг хууль тогтоомжийн дагуу үнэн зөв тодорхойлох

8. Нийт холбоодод нийтлэг илэрсэн айл өрхөөс хураах хураамж төлөлтийг нэмэгдүүлэн авлагаа бууруулахад анхаарах, орлогын баримтын дугаарлалт болон санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлийг сайжруулах

 

ДӨРӨВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

 

1. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 9-д заасны дагуу эмч, эмнэлгийн ажилтнуудын хувийн хэргийг нөхөн бүрдүүлэх

2. Байгууллагын удирдлага ажилтнуудынхаа Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулаагүй нь шалгалтын явцад ажиглагдсан. Ажлын байрны тодорхойлолт нь ажилтны үүрэг, хариуцлагыг илтгэж ажлаа тайлагнах, ажил үнэлж дүгнэх арга хэрэгсэл болдог учраас байгууллагын эрхэм зорилго, зорилт үйл ажиллагааны чиглэлтэй нарийн уялдуулан холбож Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2001 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар батлагдсан “Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах зөвлөмж”-ийг судлаж боловсруулах

3. Тушаал шийдвэр боловсруулахдаа холбогдох хууль, эрх зүйн актыг үндэслэх, хуулийн үндэслэлийг зөв ашиглах, үйл ажиллагаа явуулахад шаардагдах хууль эрх зүйн орчинг судлах, хэрэгжүүлэх

4. Хадгаламжийн нэгжийг стандартын дагуу үдэж архивлах, Архивын тухай хууль, Төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөн ажиллах

5. Ажилтнуудын нийгмийн асуудлын тал дээр хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллах

6. Төрийн үйлчилгээний албанд олон жил ажилласан хүмүүсийн ур чадварын нэмэгдлийг Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох журам, Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 4-т “Ур чадварын нэмэгдлийн зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. Ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах буюу олгохгүй” гэж заасны дагуу тайлан, ажлын үзүүлэлтийн үр дүнг үнэн зөв, шударга тогтоосны үндсэн дээр олгож байх, цаашид үүнийг ажилтнууддаа зөв ойлгуулж, хавтгайруулан олгохгүй байх

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийг үндэслэн ажилтан, албан хаагчдын илүү цагийг тооцож, нэмэгдэл хөлсийг олгож байх

8. Нягтлан бодогч нь ажилдаа хариуцлагатай хандаж, сарын ажлын фонд хоног, нийтээр амрах баярын өдрүүдийг сайтар тооцож, цалин хөлсийг зөв тогтоон олгох, шагналт нэмэгдэл, урамшуулал, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал олгохдоо холбогдох заавар журмын дагуу олгох, ажилтан албан хаагчдын цагийн бүртгэлийг сайтар хянаж байх

9. Ерөнхий ня-бо нь цалин хөлс тогтоолт, бодолт, олголтод хяналт тавьж ажиллах

10. Дотоод аудитын даалгавар гүйцэтгэх явцад танай байгууллагын 87 ажилтан, албан хаагчдаас авсан санал асуулгын нэгтгэлийг графикаар гаргаж, хавсралтаар хүргүүлснийг судлан үзэж, холбогдох ажилтнууд анхаарал хандуулж, ажлаа сайжруулах

11. Хүний нөөцтэй холбоотой дүрэм журмын хэрэгжилт, цалин хөлс тогтоолт олголтод тавигдах дотоод хяналтыг сайжруулах

12. Дотоод аудитаар хүргүүлсэн зөвлөмжийн дагуу хийх ажлын төлөвлөгөө гаргаж, биелэлтийн хамт 11 дүгээр сарын 21-ний дотор ирүүлэхийг Ерөнхий ня-бо Б.Төмрөө, цалингийн ня-бо Г.Уянга Хүний нөөцийн менежер Р.Тунгалагтоль нарт хариуцуулах

 

 

 

ТАВ. ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

 

  1. Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар батлагдсан  “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам”-ын 5.4 дэх хэсэг “Төсвийн байгууллага нь зардлын бүлгийн дүнд багтаан эдийн засгийн ангиллын дагуу зардал гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өр төлбөр, үүсгэхгүйгээр хөтөлбөр, арга хэмжээний зорилтыг бүрэн хангахаар төсвийг зохицуулна” гэснийг мөрдөн ажиллах, зардлын ангилал зөрүүлэн зарцуулалт хийхгүй байх.
  2. Бараа материал, тоног төхөөрөмж авсан л бол тухай бүр нь орлогод авч бүртгэлд тусгах, тоо ширхэг, нэр төрлөөр нь орлогод авч байх, нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг хуульд заасан дарааллаар гүйцэтгэх.
  3. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 213 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар”-ын дагуу “Төрийн албаны тухай хууль” болон “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д нийцүүлэн “Хөдөлмөрийн дотоод журам”-аа шинэчлэн боловсруулж, нэг удаагийн тэтгэмж урамшуулал, хөнгөлөлт, тусламжийн хэмжээг  тодорхой тусган батлах, журамд заасан хэмжээгээр тэтгэмж, тусламж олгож байх.
  4. Ажилтан албан хаагчдад Нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн тооцооллын дагуу томилолтын зардлыг үнэн зөв олгох.
  5. Ажил гүйлгээний анхан шатны баримт бүрдлийг бүрэн гүйцэд хангах, тээвэр шатахууны зарцуулалтын баримтаас дутсан 1305.2 мянган төгрөгийн баримтыг 2016.10.25-ны дотор бүрдүүлэн танилцуулах.
  6. Санхүүгийн тооцоолох программаар гарч буй ажилтан албан хаагчдын цалин хөлс бодолтод онцгой анхаарах, хяналтын тооцооллыг хийж байх, цалин хөлс олголтоос гарсан илүү, дутуу олголтыг 2016 оны 10 сарын цалин, хөлс бодолт дээр залруулан дээрх хугацаанд танилцуулах.
  7. Ажилтан албан хаагчдын амралтын нөхөн олговрыг үнэн зөв тооцох, ээлжийн амралтыг биеэр эдлүүлж, амралтын хоногийг бүрэн эдэлж дууссаны дараа ажилд нь оруулж байх.
  8. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд тавигдах дотоод хяналтыг сайжруулан ажиллах нь зүйтэй байна.
Category: Мэдээ, мэдээлэл | Added by: dotoodaudit_nalaikh (2016-11-26)
Views: 514 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Нэвтрэх хэсэг

Хайх

Холбоотой сайтууд
  • Налайх дүүрэг
  • Фэйсбүүк
  • Шилэн данс
  • Сайтууд
  • Цахим шуудан
  • Жиргэх

  • Сайтыг засварласан HeRo; 2024